-+=
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
1. Гаалийн бүрдүүлэлт

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

Гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:
        1.      Мэдүүлэх,
        2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,
        3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
        4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
        5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

Бараа мэдүүлэх хэлбэр:
        1.       Бичгээр;
        2.       Мэдээллийн сүлжээгээр;
        3.       Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;
        4.       Зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:
    Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.
        ·         Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;
        ·         цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;
        ·         мал, амьтан;
        ·         улс хоорондын шуудангийн илгээмж;
        ·         сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;
        ·         амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
        ·         донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;
        ·         хуульд заасан бусад бараа.

Барааг урьдчилан мэдүүлэх:
    Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:
     Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.
        ·       барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;
        ·       барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;

Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:
    Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар   болон түүнтэй адилтгах бусад байгууллагын   бараа,   тэнд   ажиллагсдын   хувийн   ачаа тээшинд   хийх   гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.

ГАДААД БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ:
    Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараахь бүлгүүдэд хуваадаг.

Авто тээврийн хэрэгслээр:
        ·       авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
        ·       ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
        ·       худалдааны бичиг баримт;  /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/

Агаарын тээврийн хэрэгслээр:
        ·       тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
        ·       ерөнхий мэдүүлэг;
        ·       зорчигчийн нэрсийн жагсаалт;
        ·       ачааны жагсаалт /карго манифест/;
        ·       ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
        ·       аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;
        ·       худалдааны бичиг баримт;

Төмөр замаар:
        ·       дамжуулах хуудас;
        ·       вагон хуудас;
        ·       тээврийн бичиг баримт;
        ·       худалдааны бичиг баримт;

Гаалийн бүрдүүлэлтийн горимыг 6 ангилж, 22 төрлөөр 198 горимын кодоор мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулж гаалийн бүрдүүлэлт хийх боломжтой.Эдгээр горимоос манай улсад хэрэгжиж байгаа 3 төрлийн боловсруулах горимын талаар товч мэдээлэл хүргэж байна.

Дотоодод боловсруулах горимын үндсэн зорилго нь дотоодын үйлдвэрлэгч нарт өөрсдийн бараа, үйлчилгээг гадаадын зах зээл дээр өрсөлдөхүйц үнээр гаргах боломж олгох, ингэснээр эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжих, дотоодын ажиллах хүчийг ажлын байрны боломжоор илүү хангах, тухайн салбарын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд тус дэм үзүүлэх явдал юм.

Гадаадад боловсруулах горимын гол зорилго нь үндэсний үйлдвэрийн газрууд үйлдвэрлэлийн өртгөө бууруулж, тэгснээр бүтээгдэхүүнээ илүү өрсөлдөхүйц үнэтэй болгоход оршино.Энэ горимыг уг боловсруулах үйл ажиллагаа нь үндэсний эрх ашигт хохирол учруулахгүй гэж урьдчилан тооцоолсон нөхцөлд хэрэглэж болно.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт болон “Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай ОУ-ын (Шиэнчлэн найруулсан Киотогийн конвенц) конвенцийн F хавсралтын 1 дүгээр бүлэгт “Дотоодод боловсруулах”, 2 дугаар бүлэгт “Гадаадад боловсруулах”, 4 дүгээр бүлэгт “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар боловсруулах” горимын талаар дэлгэрэнгүй тусгасан байна.

Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горим.

Тухайн горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу 90.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг ирүүлж шийдвэрлүүлнэ.

Гадаадын барааг гаалийн болон бусад татварыг бүрэн төлүүлж тухайн горимд байршуулна. Боловсруулалт хийгдсэний дараа хугацаанд нь барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимд байршуулахад түр дансанд байршуулсан татварын зөрүүг буцаан олгоно.

Барааг үйлдвэрлэх эсхүл боловсруулахад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд холбогдох бараа, эсхүл түүгээр боловсруулсан бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимд, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.

Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горим

Тухайн горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд ГТХ-ийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд нь гаалийн удирдах төв байгууллагад урьдчилан хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимд гадаадын барааг гаалийн байгууллагад мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж боловсруулалт хийсэн барааг хугацаанд нь буцаан гаргана.

Анх горимд байршуулахад гаалийн болон бусад татварыг түр дансанд байршуулж эсхүл татвар төлөх баталгаа гаргана.

Боловсруулалт хийсэн барааг гаалийн бүрдүүлэлт хийж буцаан гаргасан тохиолдолд түр дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг буцаан олгоно.

Барааг үйлдвэрлэх эсхүл боловсруулахад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горим нь барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргаснаар, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.

Барааг хилийн чанадад боловсруулах горим

Гаалийн бүрдүүлэлт хийгдэх гаалийн байгууллага горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийг хийнэ. /Гаалийн удирдах төв байгууллагад хандах шаардлагагүй/

Монголын барааг хилийн чанадад гаргаж, боловсруулалт хийгдэн хугацаанд нь буцаан оруулах горим юм.

Тухайн горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд тухайн бараа нь экспортын татвартай бол татварыг ногдуулан төлүүлж түр дансанд байршуулах, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан байна.

Хилийн чанадад боловсруулахаар гаргасан барааг хугацаанд нь буцаан оруулсан тохиолдолд өмнө нь гарахад түр дансанд байршуулсан экспортын татварыг буцаан олгоно.

Гаалийн байгууллага монголын барааг хилийн чанадад боловсруулах явцад гарсан боловсруулалтын зардал болон барааг хил хүргэх зардалд, мөн монголын барааг гадаадын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол гадаадын барааны үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлох аргачлалын дагуу тодорхойлж, гаалийн болон бусад татварыг ногдуулан хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ.

Барааг хилийн чанадад боловсруулах горим нь түүнийг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно.

Барааг боловсруулах горим

 

Горимын нэр

Хууль, тогтоомж

Боловсруулах үйл ажиллагаа

Горимд байршуулах бараа

Гаалийн болон бусад татвар

Хугацаа

Хугацаа сунгалт

1

Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горим

ГТХ-ийн 85-92 дугаар зүйл, ГТГТТХ, 2016 оны ГТЕГ-ын А/40 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт

Тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах;

Тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

Гадаадын бараа

Горимд байршуулах бараанд импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, тусгай дансанд байршуулна.

Боловсруулалт хийгдсэн барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахад ногдох татварыг тооцож, түр дансанд байршуулсан татварын зөрүүг буцаан олгоно.

1 жилээс дээшгүй

6 сар хүртэл хугацаагаар 1 удаа сунгаж болно

2

Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горим

ГТХ-ийн 99-107 дугаар зүйл, ГТГТТХ, 2016 оны ГТЕГ-ын А/40 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт

Тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах;

Тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

Тухайн бараанд засвар хийх;

Тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах;

Гадаадын бараа

Тухайн горимд байршуулахад гаалийн болон бусад татвар ногдуулж, төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ, боловсруулалт хийгдсэн барааг буцаан гаргахад дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг буцаан олгоно.

1 жилээс дээшгүй

6 сар хүртэл хугацаагаар 1 удаа сунгаж болно

3

Барааг хилийн чанадад боловсруулах горим

ГТХ-ийн 125-131 дүгээр зүйл, ГТГТТХ, 2016 оны ГТЕГ-ын А/41 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт

Тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах;

Тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

Тухайн бараанд засвар хийх;

Тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах;

Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын бараа;

Бусад горимоос оруулах бараа

Тухайн горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд тухайн бараа нь экспортын татвартай бол татварыг ногдуулан төлүүлж түр дансанд байршуулж, буцаан оруулсан тохиололд татварыг буцаан олгоно.

1 жилээс дээшгүй

6 сар хүртэл хугацаагаар 1 удаа сунгаж болно

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГАЗАР

2. Үнэлгээ

ГААЛИЙН ҮНЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Гаалийн үнэ гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистик мэдээ гаргах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу тодорхойлсон үнийг хэлнэ.

ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖ:

Импорт: 

- ДХБ-ын ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр буюу “үнэлгээний хэлэлцээр”,
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай Монгол улсын хууль

Экспорт:

- Гаалийн тариф, гаалийн татварын тухай Монгол улсын хууль,
- МУГЕГ-ын даргын 2001 оны 646 дугаар тушаалаар батлагдсан “Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлал”,

ГААЛИЙН ҮНЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГУУД 

Импорт: Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурьдсан 6 аргыг хэрэглэнэ.

Хэлцлийн үнийн арга

Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ. Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ. 

Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно:

1.тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь зардал:
1.1.тээврийн зардал, тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр;
1.2.тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардал;
1.3.даатгалын хураамж.
2.тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ;
3.тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг;
4.тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр;
5.худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг.

Энэ аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд орсон бөгөөд тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг хасч тооцно: 

1.үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсны дараа суурилуулах, угсрах, засварлах болон техникийн туслалцаа үзүүлэх, сургалт явуулах зардал;
2.гаалийн хилээр оруулсны дараахь тээврийн зардал;
3.импортлогч орны гаалийн болон бусад татвар.

Дараахь тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно: 

1.худалдан авагчийн худалдах, хэрэглэх буюу ашиглах эрхийг хязгаарласан;
2.барааг худалдах, хэрэглэх буюу ашиглах, эсхүл устгахтай холбоотой худалдан авагчийн эрхийг хязгаарласан хэлцэл хийсэн;
3.тухайн барааны үнийг тодорхойлох боломжгүй нөхцөл, болзол, шаардлагыг хэлцэлд тусгасан;
4.импортын барааг худалдсан, хэрэглэсэн буюу ашигласнаас орох орлогоос худалдагчид ногдох хэсгийг тодорхойлох боломжгүй бол;
5.мэдүүлэгч нь гаалийн үнийг тодорхойлохдоо ашигласан мэдээлэл, тооцооны үнэн зөвийг гадаад худалдааны болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох бичиг баримтаар баталгаажуулж нотлоогүй бол;
6.худалдах, худалдан авах ажиллагаа нь харилцан хамааралтай этгээдийн хооронд хийгдсэн бөгөөд хэлцлийн үнэ нь шалгуур үнэтэй ойролцоо биш бол.

Дараахь тохиолдолд худалдагч, худалдан авагчийг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ: 

1.нэг аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажилладаг бол;
2.нэг нь ажил олгогч, нөгөө нь ажилтан бол;
3.бие биенийхээ саналын эрхтэй хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг шууд буюу шууд бус хэлбэрээр эзэмшдэг бол;
4.нэг нь нөгөөдөө шууд буюу шууд бус хэлбэрээр хяналт тавьдаг бол;
5.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч нэг этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байгаа бол;
6.худалдагч, худалдан авагч аль аль нь гуравдагч нэг этгээдийг шууд буюу шууд бус байдлаар хянадаг бол;
7.нэг гэр бүлийн гишүүн, эсхүл төрөл, садангийн хүмүүс бол.

Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнэ нь импортлосон барааны шинж байдал, үйлдвэрлэлийн онцлог, гаалийн хилээр нэвтрүүлж байгаа улирал, үнийн зөрүү зэрэг үзүүлэлтээр дараахь шалгуур үнэтэй ойролцоо хэмжээнд тодорхойлогдсон байвал хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ:

1.Дээр дурьдсан этгээдийн импортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн үнэ нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнэтэй ойролцоо бол;
2. Дээр дурьдсан этгээдийн импортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны худалдааны хэлцлийн үнийг хэлцлийн үнийн аргыг хэрэглэн тодорхойлохдоо урьд нь гаалийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн гаалийн үнийг мөрдлөг болгосон.

Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга

Импортлож буй барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл энэ ойролцоо хугацаанд импортлосон нэг төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно.

“Нэг төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай дараахь шинж тэмдгээр адил барааг ойлгоно: 

1.физик шинж буюу хэмжээ хэлбэр, бэлтгэсэн болон үйлдвэрлэсэн арга, техникийн болон бусад шинж чанар;
2.чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд;
3.барааны гарал үүслийн улс;
4.үйлдвэрлэгч.

Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь барааны үнийг хэрэглэхийг хориглоно:
1.дотоодын хэрэглээнд зориулан оруулахаас бусад горимд байршуулсан бараа;
2.Засгийн газрын болон Засгийн газрын бус зээлийн шугамаар оруулсан бараа;
3.Засгийн газрын болон Засгийн газрын бус өр төлбөрийн шугамаар оруулсан бараа;
4.хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа;
5.түрээсийн бараа;
6.гадаадын хөрөнгө оруулалтаар оруулсан бараа;
7.их засварын тоног төхөөрөмж;
8.олон улсын аялал жуулчлал, тэмцээн болон хуралд зориулсан бараа;
9.барааны сорьц, дээж, загвар;
10.үзэсгэлэнгийн бараа;
11.сурталчилгааны бараа.

Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

Импортын барааны гаалийн үнийг нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл ойролцоо хугацаанд импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно. “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах барааг ойлгоно. Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ. Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо худалдааны адил нөхцөлд байгаа, ойролцоо тоо хэмжээгээр импортлосон ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ. Ижил төрлийн импортын барааны хэлцлийн үнэ нь гаалийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ байх бөгөөд уг үнэд барааг тээвэрлэх зай, ашиглах тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарах залруулга, тодотгол хийж болох бөгөөд тэдгээр нь үндэслэлтэй, үнэн зөв болохыг нотлох бичиг баримтаар баталгаажуулна. Хүлээн зөвшөөрөгдсөн үнэд залруулга, тодотгол хийх шаардлагатай боловч тэдгээрийг хийх боломжгүй, эсхүл залруулга, тодотголыг баталгаажуулах бичиг баримтгүй бол ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно. Ижил төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэж болохоор байвал хамгийн бага үнийг нь сонгон авч гаалийн үнийг тодорхойлно.

Ялгаварт үнийн арга

Гаалийн үнийг дээрх аргуудаар тодорхойлох боломжгүй бол ялгаварт үнийн аргаар тодорхойлно.
Ялгаварт үнийн аргыг тухайн импортын барааг, эсхүл түүнтэй нэг төрлийн буюу ижил төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж, өөрчлөлт оруулахгүйгээр дотоодын зах зээлд борлуулсан тохиолдолд хэрэглэнэ. Импортын барааны гаалийн үнийг ялгаварт үнийн аргаар тодорхойлохдоо тухайн барааг, түүнтэй нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааг ойролцоо хугацаанд харилцан хамааралгүй этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийг суурь болгон авч санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтыг үндэслэн дараахь зардлыг хасна:

1.адил ангилал, бүлгийн барааг Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагаанд төлсөн, эсхүл төлбөл зохих зардал болон цэвэр ашиг, /суутгал/ комиссын зардал;
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийн болон даатгалын зардал;
3.Монгол Улсад төлсөн гаалийн болон бусад татвар.

”Адил ангилал, бүлгийн бараа” гэдэгт тодорхой нэг үйлдвэрийн газар, түүний салбарын хүрээнд үйлдвэрлэгдсэн бүлэг бараа хамаарна.
Ялгаварт үнийн аргаар гаалийн үнийг нь тодорхойлох бараа өөр өөр үнээр, ижил тоо хэмжээгээр борлогдсон бол хамгийн бага үнийг суурь болгон сонгоно.
Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход түүнтэй нэг төрлийн, эсхүл ижил төрлийн, түүнчлэн өөрчлөлт оруулахгүйгээр дотоодод борлуулсан бараатай харьцуулах боломжгүй бол мэдүүлэгчийн хүсэлтээр боловсруулалт хийсэн нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны үнийг ашиглаж болно.
Боловсруулалтын явцад нэг төрлийн, эсхүл ижил төрлийн бараа нь өөрийн үндсэн шинж чанараа алдсан бол дээрх үнийг хэрэглэхийг хориглоно.

Нийлбэр үнийн арга

Гаалийн үнийг дээрх аргуудаар тодорхойлох боломжгүй бол нийлбэр үнийн аргаар тодорхойлно.
Нийлбэр үнийн аргаар гаалийн үнэ тодорхойлоход дараахь үнэ, зардлыг нэмж тооцно:

1.тухайн барааг үйлдвэрлэхэд гарсан шууд зардал /материалын үнэ, хөдөлмөрийн хөлс гэх мэт/ болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал;
2.үнийг нь тодорхойлж буй бараатай адил ангилал, бүлгийн барааны худалдаанд тусгагддаг бөгөөд тухайн барааг Монгол Улсад экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэгчээс гарсан үйл ажиллагааны зардал болон цэвэр ашиг;

Уялдуулан хэрэглэх үнийн арга

Дээр дурьдсан аргуудаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны гаалийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн.

Уялдуулан хэрэглэх үнийн аргыг дараахь хоёр арга замаар хэрэгжүүлнэ: 

1.Гаалийн үнийг тодорхойлоход дээр дурьдсан аргуудад тавигдах шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх:
1.1.хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах;
1.2.нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргын үед харьцуулах хугацааг 90 хоног, 6 сар, нэг жил, хоёр жилээр тооцох, эсхүл бараанд тавих шаардлагыг багасгах;
1.3.ялгаварт үнийн аргын үед дотоодод борлуулсан хугацааны хязгаарыг ихэсгэж тооцох, суурь үнийн сонголтод тавигдах шаардлагыг багасгах, эсхүл дотоод зах зээлд борлогдсон нэг төрлийн эсхүл ижил төрлийн бараа байхгүй бол адил ангилал, бүлгийн барааг хамруулан авч үзэх;
1.4.нийлбэр үнийн аргын үед материалын үнэ болон өртгийг өөр ижил төстэй барааны үнэ, өртөгтэй адилтган авч үзэх, гаалийн хил хүртэл тээвэрлэсэн зардлыг бусад барааны зардалтай харьцуулах байдлаар тогтоох.
2. Гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах:
2.1.худалдагчийн үнийн жагсаалт, үнийн лавлагаа болон каталог;
2.2.статистикийн мэдээ, нийтээр хэрэглэж буй зардлын тариф;
2.3.экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөн олон улсын биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох импортлогчдын гэрээ, түүний үнэ;
2.4.интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ;
2.5.хил залгаа улс орны Монгол Улсад экспортоор гаргаж байгаа барааны үнийн судалгаа;
2.6.гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны тухайн цаг үед бий болсон үнийн дундаж үзүүлэлт.

Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь үнийг үндэслэхийг хориглоно: 

1.Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг дотоодын зах зээлд худалдан борлуулсан үнэ;
2.Хоёр үнээс өндөр үнийг нь гаалийн зорилгоор сонгох систем;
3.Хил орчмын худалдааны импортын барааны үнээс бусад экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ;
4.Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны нийлбэр үнийг тодорхойлохоос бусад тохиолдолд гарсан үйлдвэрлэлийн зардал;
5.Монгол Улсаас өөр улсад экспортлосон барааны үнэ;
6.Хийсвэр буюу зохиомол үнэ;
7.Гаалийн доод үнэ.

Экспорт: 

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:

Хэлцлийн үнийн арга 

Хэлцийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход хэлцлийн үнэд Монгол Улсын хил хүртэл уг барааг хүргэхэд барааны дараахь зардал, төлбөр ороогүй бол нэмж тооцно:

1.тээврийн зардал;
2.тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын бичиг баримт, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал.
Дараахь тохиолдолд экспортын барааны үнэлгээнд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно:
1.хэлцэл нь гаалийн үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлөөр хийгдсэн бол;
2.худалдагч болон худалдан авагч нь харилцан хамаарал бүхий этгээдүүд бөгөөд энэ хамаарал нь хэлцлийн үнэд мэдэгдэхүйц нөлөөлсөн бол.

Зардлаас тооцох үнийн арга

Зардлаас тооцох үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо Монгол Улсын нутаг дэвсгэрт орших үйлдвэр, экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодит бичиг баримт, мэдээлэлд тулгуурлаж нэгж үнийг тодорхойлно.
Энэ аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо тухайн барааны нэгжид шууд болон шууд бус байдлаар шингэсэн дараахь зардал, үнийг нэмж тооцно:

1.үнийг нь тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй холбогдсон дараахь зардал:
1.1.үйлдвэрлэгчээс тухайн бараанд бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах материалын үнэ;
1.2.барааг үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардал;
1.3.үйл ажиллагааны болон удирдлагын зардлын тухайн бараанд ногдох хэсэг;
1.4.цахилгаан, дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардлын тухайн бараанд ногдох хэсэг;
1.5.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн бараанд ногдох хэсэг;
1.6.тухайн бараанд ногдох татвар.
2.тухайн барааг Монгол Улсын хил хүртэл тээвэрлэх, ачих буулгах, хадгалах, шилжүүлэн ачих зардал, тэдгээртэй холбоотой даатгалын шимтгэл;
3.тухайн барааг үйлдвэрлэснээс болон экспортлосноос олсон ашиг.

Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

Экспортын барааны гаалийн үнийг нэг, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо тухайн үед буюу ойролцоо хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсаас экспортлосон нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийг ашиглана.
Нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь үзүүлэлтийг харгалзан үзнэ:

1.харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, эсхүл өөр бусад аж ахуйн нэгж, байгууллагын хэлцлийн үнэ байх;
2.харьцуулан жиших бараа нь үнэлж байгаа бараатай нэгэн зэрэг, эсхүл 60-аас дээшгүй хоногийн дотор экспортлогдсон байх.

Зах зээлийн мэдээлэл, судалгааны үнийн арга 

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох сүүлчийн арга нь зах зээлийн мэдээлэл, судалгааны үнийн арга болно.
Зах зээлийн мэдээлэл, судалгааны аргаар экспортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо олон улсын худалдааны практик, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнийн дараахь мэдээлэл, судалгааг үндэслэнэ:

1.экспортлогчийн нийтэд зориулан тараасан үнийн жагсаалт, лавлагаа, интернетийн мэдээлэл;
2.гадаад худалдааны болон гаалийн статистикийн мэдээ зэрэг олон нийтэд зориулсан мэдээ, мэдээлэл;
3.барааны төрөлжсөн биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох экспортлогчдын гэрээ, түүний үнэ.

ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХТОЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ МАРГААН

Мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлохтой холбоотой гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу:

1.гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;
2.гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;
3.гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гаргана.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана. Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг мэдүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.

3. Барааны ангилал
  • Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн талаар

Эрх зүйн эх сурвалж татах

  • Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт
 
  • Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам

ГЕГ-ын даргын 2022 оны 02 сарын 09-ны А/25 тушаал татах

  • Нийтлэг асуулт хариулт

1. Асуулт: Барааг импортлоход ямар хэмжээний татвар төлөхийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

Хариулт: Монгол Улсын хууль тогтоомжоор импортын барааны хувьд барааны ангилал, нэр төрлөөс хамааран гаалийн албан татвар, онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автобензин дизелийн түлшний албан татварыг ногдуулан хурааж авдаг. Импортын бараанд ногдуулах гаалийн албан татварын хувь хэмжээг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу УИХ-аас 1999 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Онцгой албан татварын тухай хуулиар суудлын автомашин, согтууруулах ундаа, тамхи, автобензин дизелийн түлшинд биет нэгжийг үндэслэн онцгой албан татвар, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортын бүх төрлийн бараанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцох үнэлгээ болон 10%-иар татвар ногдуулахаар тус тус заасан.

BUY NOW