Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газарт “Бүрдүүлэлтийн цахим төв”-ийн үйл ажиллагаатай Гаалийн ерөнхий газрын удирдлагууд танилцлаа.
Монгол Улсын их хурлын 2020 оны “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гаалийн байгууллага 19 гаалийн газар, хорооны импортын барааны бичиг баримтын бүрдүүлэлтийг нэг цэгт төвлөрүүлэн цахимаар хийх чиг үүрэгтэй “Бүрдүүлэлтийн цахим төв”-ийг байгуулсан.
Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, хяналтыг боловсронгуй болгож үр нөлөөг дээшлүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа, зардлыг багасгах, хүний нөөцийг оновчтой хуваарилах байдлаар хууль ёсны худалдааг дэмжиж, гадаад худалдааг үе шаттайгаар хөнгөвчлөх зорилтыг хэрэгжүүлж байна.
Бүрдүүлэлтийн үед нүүр тулсан харилцааг бууруулж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцлийг бүрдүүлж, Гадаад худалдааны бичиг баримтыг гаалийн зорилгоор нягтлан шалгах шат дамжлага цөөрснөөр бараа гаалийн байгууллаас хүлээн авах хугацаа буурч эерэг нөлөө гарсаар байна.
Гадаад худалдаанд оролцож байгаа ААН, иргэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран барааг ӨӨРӨӨ МЭДҮҮЛЭХ эсхүл гаалийн ЗУУЧЛАГЧААР ДАМЖУУЛЖ www.gaali.mn системийг ашиглаж гаалийн байгууллагын КАЙС системд мэдүүлгээ илгээх боломжтой.
Views:
0