“ГААЛИЙН ШИНЭЧЛЭЛ: Хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд гаалийн байгууллагыг бэхжүүлэх асуудлууд” номын нээлтийг Олон улсын валютын сан (ОУВС)-гаас 2022 оны 6 дугаар сарын 15-нд хийж, Төв Ази, Кавказийн бүс болон Монгол Улсын төлөөллийг оролцуулан 2022 оны 7 дугаар сарын 20-нд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд номын зохиолчид болон Монгол, Узбекистаны гаалийн
байгууллагаас “Гаалийн шинэчлэл”-ийг хэрэгжүүлж байгаа өнөөгийн байдал, хүндрэлтэй болон цаашид шийдвэрлэх асуудлын талаар танилцуулж, сонирхолтой хэлэлцүүлгийг
өрнүүлсэн болно.
Хил дамнасан худалдааны урсгалд үр дүнтэй хяналт тавих, төсвийн орлого
бүрдүүлэхэд гаалийн байгууллага гол үүрэг гүйцэтгэх тул ОУВС ”Гаалийн байгууллагын шинэчлэл”-д анхаарал хандуулж, тус байгууллагаас 2003 онд хэвлэн нийтэлсэн “Гаалийн шинэчлэл” номтой харьцуулахад илүү өргөн хүрээний сэдвийг хамруулсан байна.
Асар хурдацтайгаар шинэчлэн өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд гаалийн байгууллага хэрхэн ажиллах боломжийг ”Гаалийн байгууллагын олон талт чиг үүрэг; Гааль
– Татварын хамтын ажиллагааны бодлого; Орчин үеийн мэргэшсэн гааль; Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь; Нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлага; Гаалийн хамтын ажиллагаа; Дижиталчлал; Эдийн засгийн өрсөлдөх чадвар” гэсэн агуулгын
хүрээнд онол, практикийг хослуулан хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг сайн туршлагыг харьцуулан, холбогдох зөвлөмжийн хамтаар тусгажээ.
Монгол Улсын гаалийн байгууллага ОУВС-ийн “Азийн орнуудын гаалийн шинэчлэл” хөтөлбөрт 2020 – 2023 онд хамрагдаж байгаа байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хүрсэн үр дүн, цаашид хамтран ажиллах санал болон “Гаалийн шинэчлэл”-ийг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар танилцуулжээ.
Номын цахим хувилбарыг icd@airport.customs.gov.mn хаягаар захидал илгээн хүлээн авах боломжтой.